Төлбөрөө ил болгохыг шаардав

obamaaАНУ-д шинээр батлагдсан хууль тогтоомж байгалийн хий, газрын тос, уул уурхайн компаниудыг гадаадын засгийн газруудад төлсөн төлбөрөө ил болгохыг шаардаж байгаа бөгөөд энэ нь олон улсын хэмжээнд корпорацийн удирдлагын асуудлыг илүү ил тод болгох ач холбогдолтой гэж Цагаан ордоноос баасан гаригт мэдэгдлээ. Уолл Стрийтийн шинэчлэл болон Хэрэглэгчийн Хамгааллын (The Wall Street Reform and Consumer Protection Act) хуулинд өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосон бөгөөд уг хуулийн дагуу АНУ-ын Хувьцаа, Биржийн Комисст бүртгэлтэй бүх компанийг гадаадын засгийн газруудад төлсөн татвар, орлогын төлбөрүүдээ ил болгохыг шаардсан байна. Баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ Цагаан Ордон бусад улс орнуудыг мөн үүнтэй ижил төстэй хууль батлуулахаар ажиллах болно, энэ нь татвар төлөгчдөд орох ёстой мөнгийг арын-хаалганы байдлаар зохицуулдагийг арилгах болно гэж өгүүлжээ.

Африк болон бусад олон орон байгалийн баялаг ихтэй хэдий ч ердийн олон сая иргэдийнх нь амьдрал сайжрахгүй байсаар байгаа бөгөөд “цуст” алмаазны худалдаа нь иргэдийн сайн сайханд биш харин дайн байлдааныг санхүүжүүлэхэд ашиглагдаж байна гэж шинжээч нар ярьдаг. “Энэ хууль үндэстэн дамнасан корпорациуд гадаадын засгийн газруудын хооронд хийгдсэн олон тэрбум ам.долларын дээр гэрэл тусгах бөгөөд ингэснээр иргэд нь тэдгээр компаниудыг хянаж, засгийн газрууддаа хариуцлага тооцох боломжтой болно” гэж Цагаан Ордон мэдээлжээ.

Хөгжлийн төлөө, ядуурлын эсрэг бүлгүүд энэ хуулийг олон улсын уул уурхай, газрын тосны компаниуд болон баялаг ихтэй ядуу улсуудын хоорондох төлбөр тооцооны асуудлыг ил тод болгоход томоохон алхам боллоо гэж баяр хүргэж байна. Засгийн газрууд болон уул уурхайн салбар хамтран Ангол, Айвори Коаст, БН Конго Улс болон Серра Леонд болж байсан дайн байлдаануудыг санхүүжүүлэхэд ашиглагдаж байсан “цуст” алмаазны худалдааг зогсоохоор 2000 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Кимберлей Процесс хэмээх нэртэй зохицуулалтын системээр түүхий алмаазны үйлдвэрлэл худалдаанд олон тооны шалгуур тавьж эхэлсэн юм.

Түүнчлэн шинээр баталсан хууль нь БН Конго болон түүний эргэн тойрны улс орнуудаас олборлосон колтан, вольфрамит зэрэг байгалийн ховор минерал агуулсан бүтээгдэхүүний талаарх тайлангаа Хувьцаа, Хөрөнгийн Комиссд жил тутам өгч байхыг үүрэг болгосон юм. Танталиум буюу африкчуудын нэрлэдгээр кольтан нь дэлхийн цахим бүтээгдэхүүний салбарт их хэрэглэгддэг цахилгаан цэнэгийг хадгалаад, дараа нь дамжуулах чадвартай ер бусын онцгой, ховор минерал бөгөөд iPod, iPad, BlackBerry зэрэг смартфонууд болон лаптоп компьютеруудад хэрэглэгддэг байна.